Wednesday, September 18, 2013

LOWA гутлыг арчлах заавар

LOWA гутлыг зөв арчилж чадвал шороо, чийг гутлын чанарт бараг нөлөөлөхгүй.
Зөв арчилгаа гутлын эдэлгээг уртасгах ач холбогдолтой. Арьс шир нь байгалийн гаралтай бөгөөд арчилгаа шаарддаг материалууд юм. Жинхэнэ арьс гэдэг болт таны биеийн нэг хэсэг л гэсэн үг. Арьсан материалын онцгой чанарыг хэвээрхадгалахын тулд зөв арчилгаа амин чухал байдаг. Зураг дээр та бүхэн шавхайн дундуур туучиж явсан Lowa гутлыг харж байна.  Одоо энэ гутал нойтон, шаварт хутгалдсан байдалтай байна.

Эхлээд улавчийг нь гаргаж үдээсийг нь тайлж тавь
Гутлаа тайлах болгондоо агаар сайн оруулж хатааж байх хэрэгтэй. Агаар сайн оруулахын тулд улавчийг нь гаргаж үдээсийг нь тайлж авбал бүр сайн. Улавч нь чийг их шингээдэг бөгөөд гаргаж тавибал хурдан хатна. Ялангуяа олон хоногоор замд явж байгаа бол энэ зааврыг өдөр дутам дагаж байх хэрэгтэй. Арьсан гутлыг дахиж өмсөхөөсөө өмнө 24 цаг хатаавал хамгийн сайн.

Гутлын шороог хэрхэн цэвэрлэх вэ?
Улавч болон үдээсийг салгасныхаа дараа шороог нь цэвэрлэх хэрэгтэй. Битүү шавхай болсон гутлын барьцалдаж хатсан шаврыг зориулалтын гутал цэвэрлэгээний бодисоор цэвэрлэх хэрэгтэй. Бага зэрэг шороо шаврыг ердийн сойзоор сойздоод бүлээн усаар угааж болно. Цэвэрлэгээний бодис хэрэглэсний дараа тусгай спрей сайн цацаж өгөх хэрэгтэй. (Цэвэрлэгээний бодисууд арьсны сүвүүдийг нээж өгдөг бол спрей цацаж өгснөөр эдгээр сүвүүд нь буцаж хаагддаг)

Гутлын гадар арьсанд наалдсан шороог бүлээн усаар угааж арилгана
Гутлаа бүхэлд нь сайн сойздож өгөх хэрэгтэй. Ингэснээр гутлын агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг чанар нь сэргэх болно. Тусгай арчилгааны бодис байхгүй бол савангийн бүлээн хөөсөөр орлуулж болно. Савангийн хөөсөөр мөн улавчийг цэвэрлэх боломжтой. Та гутлаа угааж байхдаа ус арьсанд хэрхэн шингэж байгааг харах болно. Энэ нь арьс одоо ямар ч хамгаалалтгүй байдалд байгааг харуулж байгаа юм.

Арьсан материалыг уснаас хамгаалахын тулд зориулалтын тусгай бодис цацаж өгөх хэрэгтэй.
Цэвэрлэсэн гутал арьсны сүвүүд нь нээлттэй хэвээр байх бөгөөд цэвэрлэгээний бодис хэрэглэсэн тул усыг улам их шингээх болно. Арьсны сүвүүдийг буцааж хаахын тулд гутлаа нойтон байхад нь зориулалтын спрей цацаж өгөх хэрэгтэй. Арьсанд шингэсэн спрей нь ус нэвтрэхээс хамгаалдаг. Нөгөө талаас арьсаар орж гарах агаарын солилцоо чөлөөтэй хэвээрэй байна. Гөлгөр буюу тосолсон арьсан материалууд, нубук илгийг бодвол арчлахад амар мөртлөө ус шаварт илүү тэсвэртэй байдаг

Гутлын гадар арьсыг тусгай кремээр тогтмол арчлах хэрэгтэй.
Гутлаа ус нэвтрэхгүй болгосны дараа ялангуяа норсон үед нь вакс-крем болон вакс-эмульсээр тогтмол тосолж байх хэрэгтэй. Ус шавар, арьсны зарим элементүүдийг үгүй болгодог.  Хэрэв эдгээр элементүүдийг арьс арчилгааны бодисоор орлуулахгүй бол арьс хатаж хагардаг. Ингэснээр арьсан гутал засаж болохооргүй гэмтдэг. Хатсан арьс нь уян хатан чанараа алддаг тул зүйдэл залгаасууд дээр ирэх ачаалал нэмэгддэг.
Бүлээн үсний сэнсээр үлээлгэвэл крем арьсанд сайн шингэж өгнө.  Жинхэнэ арьсыг нэмэлт арчилгааны бодисууд хэрэглэхгүйгээр анхны хэлбэр, уян хатан бат бөх чанарыг нь хадгалах боломжгүй.


Крем түрхэснийхээ дараа сайтар хатаах хэрэгтэй.
Гутлыг хэзээ ч пар, зуухны ойр, машины урд шилэн дээр, буюу агааржуулагчийн хоолой дотор тавьж хатааж болохгүй. Нойтон арьс халуун газар агшиж хэврэгшихдээ амархан байдаг. Ийм болсон гутал алхаж гишгэх явцад хоншоороороо нугардаг хэсгээрээ хагардаг. Мөн гархи, тавтай хэсгүүдээр сэтэрдэг.

Гутал арчилгааны кремийг нубук болон илгэн материал цэвэрлэхэд ашиглах нь
Удаан өмссөн нубук болон илгэн гутлыг хатаахгүйн тулд усаар арчлах хэрэгтэй. Бидний зүгээс зөвлөхөд, вакс суурьтай крем порлонд шингээж ашиглавал зүгээр. Ийм крем нь ваксын орц өндөртэй кремүүдтэй харьцуулвал илүү шингэн байдаг тул арьсны сүвийг бөглөх нь бага байдаг

Өөх тос хэрэглэх нь
Өөх тос нь арьсыг уян хатан, ус нэвтрүүлэхгүй болгодог боловч гутлын хэвээ хадгалах чанарт муугаар нөлөөлдөг ба арьсны сүвүүдийг бөглөж агаар нэвтрэхээргүй болгодог. (Агаар нэвтрэхгүй бол хөл хөлөрч чийг татна)
Крем хэрэглэвэл нубук болон илэгний гадар илүү гөлгөр бөгөөд өнгөлөг болно. Вакс кремийг зөөлөн үзтэй сойзоор тараах хэрэгтэй. Сойздох явцад үрэлтээр үүссэн дулаан нь кремийг арьсанд илүү сайн шингэх боломж олгодог. 

Нубук болон илгийг хэрхэн өнгө үзэмжтэй байлгах вэ?
Вакс-крем хэрэглэсний дараа нубук болон илгэн гадарга нь илүү гөлгөр бөгөөд гялалзсан өнгөтэй (бараан) болдог. Троссон үстэй илэгний шотка нь илэгний үсийг босгож өгөх боловч анх шинэ дээрээ ямар байсан шиг болгож чадахгүй.

Троссон шотка нь вакс хэрэглэснээс болж бөглөрсөн нубук болон илгийг сэргээж өгдөг. Харин гөлгөр арьсан дээр ийм шотка хэрэглэх шаардлагагүй. Хажуугийн зураг дээр шоткадсан болон шоткадаагүй гадаргын ялгаа тодорхой харагдаж байна.
Вакс арьсанд шингэсний дараа гутлыг дахин усны хамгаалалтын бодис шүршиж өгөх хэрэгтэй. Энэ бодис нь анх хэрэглэснээс 24 цагийн дараанаас л бүрэн үйлчилж эхэлдэг. Харин 2-3 долоо хоногийн дараанаас үйлчилгээ нь алдагдаж эхэлдэг. Ийм үед өмсөнө гэж бодож байгаа өдрөөсөө нэг өдрийн өмнө дахиад усны хамгаалалтын бодис хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр гутал агаар нэвтрүүлэх чанараа хэвээр хадгалах болно. Арьсанд ус шингэхгүйгээс гадна шороо наалдах нь ч бага байдаг. Мөн ваксан давхарга нь ирмэгтэй хад чулуу гутлыг халцлахаас хамгаалдаг. Ердийн хуурай арьс зурагдаж гэмтэхдээ амархан байдаг. 

Жинхэнэ арьсны арчилгааны процедурыг тестлэх нь
Хэрэв та гутлаа зөв арчилж ваксдсан бол усны дуслууд зурагт харуулсан байдлаар бөнжийнө. Энэ нь гуталд тань ус нэвтрэхгүй байгааг харуулж байгаа юм.
Хэрэв таны гутал энэ тестийг давж байвал та гутлаа зөв арчилдагтаа өөртөө баяр хүргэж болно. Гутлаа зөв арчилснаар таны гутлын эдэлгээ мэдэгдэхүйц уртсах болно.

Lowa гутлаа хэрхэн хадгалах вэ?
Өмсөхгүй үедээ гутлаа агаарын солилцоо сайтай, хуурай газар гутлын уут эсвэл хайрцагт хадгалах хэрэгтэй. Гутлын модон хэв ашиглавал гутал хэвээ хадгалахад тустай. Норсон гутлыг хэзээ ч чийгтэй өрөөнд юм уу машинд удааж болохгүй. Ингэж удаасан гутал хөгцөрдөг. Модон хэв нь гутлыг үрчийж хэвээ алдахаас хамгаална. Хэрэв таны гутлын чийг олигтой гарахгүй байвал хоншоор руу нь сонин хийх хэрэгтэй. Ингэснээр чийг нь сонинд шингэх тул хэлбэр нь алдагдахгүй. Гутлаа бүрэн хаттал нь өдөр бүр шинэ сонин сольж хийх хэрэгтэй.

Хэрэв та арьсан гутлаа манай зааврын дагуу арчилж чадвал, олон жил өмссөн ч шинээр нь байлгах боломжтой. Та бүхэнд байгальд тавтай амарч зугаалахыг ерөөе

No comments:

Post a Comment